Цөлжих эрсдэлд өртсөн бэлчээр ба Монгол Улсын шийдэл

МИЛАН 2015 ҮЗЭСГЭЛЭН

2015 оны 2 дугаар сарын 3

Монгол орны газар нутгийн ихэнх хувийг эзэлдэг бэлчээр нутаг талхлагдан, улмаар цөлжих аюулд өртсөөр байна. Энэ асуудалд гарц хайх зорилгоор Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Ногоон Алт” төслийг хэрэгжүүлж байна.

Зах хязгааргүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй, мал сүрэг нь тааваараа бэлчдэг хэмээн төсөөлдөг Монгол орны хувьд ч цөлжилт бодит асуудал болоод байгаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүргэсэн юм. 140,0 мянга гаруй малчин өрх цөлжилтийн нөлөөнд автаж байна. Өнөөдрийн байдлаар, эрдэмтдийн судалж тогтоосноор нийт бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь доройтох, үржил шим буурсан байдал ажиглагдаж байна. Иймд, ирэх жилүүдэд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа залгуулж байгаа энэ олон мянган хүнд эрсдэлд өртөх аюул бодитой тулгарч байна гэж хэлж болно. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс илүүтэйгээр хүний хүчин зүйлээс хамааралтай. “Ногоон Алт” төслийг төрийн байгууллагууд, малчид болон бусад холбогдох талуудын дэмжлэгтэйгээр санаачлан хэрэгжүүлж эхэлснээр улс орны тэргүүлэх энэ салбарын хөгжлийг зөв тогтоох, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад том хувь нэмэр оруулж байна.

Бэлчээр ашиглалтыг төлөвлөлттэйгээр хийж эхэлсэн

Хэдийгээр нүүдэлчин малчдад энэхүү шинэлэг санааг хүргэх, дэмжлэг авах, хэрэгжүүлэх нь эхэндээ хүндрэлтэй байсан боловч амжилттай хэрэгжсэн. Төрийн бодлогын дэмжлэг үүнд шийдвэрлэх үүрэгтэй байсан. Нэгдүгээрт, цөлжих эрсдэлд ороод буй бэлчээр нутгийг олж тогтоох, хэрхэн сэргийлэх арга зам төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүнд жилийн тодорхой хугацаанд малын хөлөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Мөн малын тоог бууруулах замаар бэлчээрийн даацыг тохируулах боломжит арга замуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ санаачилгуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс малчин өрхүүдэд төрийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хахир хатуу, тэсгим хүйтэн өвлийн улиралд мал ихээр хорогдож, малчдын хүлээх эрсдэл нэмэгдэх зэрэг олон бэрхшээлүүд байсаар байна.

Малчдын орлого, бүтээмж дээшилсэн байна

Төслийн үр дүнг товчлон хэлбэл мал сүргийн зохистой менежментийг төлөвшүүлснээр малчин өрхийн орлого, амьжиргаанд эерэг үр нөлөө үзүүлж байна. Малчдын орлого нэмэгдсэнээр бэлчээрээ зүй зохистой ашиглах, хөрөнгө оруулалт хийх боломж, идэвх санаачилга нэмэгдсэн байна. “Ногоон Алт” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш долоон жилийн хугацаанд гурван сая гаруй га доройтож, талхагдсан бэлчээрийг нөхөн сэргээжээ. Сумын Бэлчээр Ашиглагчдын 66 холбоо байгуулагдсан нь төслийн томоохон амжилтуудын нэг юм. Засгийн газрын зүгээс малчдын эдгээр холбоог ихээхэн сайшааж, дэмжиж байна. Иймд, засгийн газрын дэмжлэгийг малчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, илүү үр дүнтэй зарцуулахыг зорьж байгаа юм. Түүнчлэн “Ногоон Алт” төслийн санаачилгаар олон улсын стандартын дагуу бэлчээр нутгийн төлөв байдлыг үнэлэх, хянах аргачлалыг нэвтрүүлэн, үндэсний боловсон хүчнийг бэлтгэсэн нь бэлчээрийн асуудлаар үнэн зөв мэдээлэл авах, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд том хувь нэмрээ оруулж байна.

Энэхүү төсөл нь нэгдүгээр тэргүүлэх чиглэл (Байгалийн нөөцийн тогтвортой менежмент)-ийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн шилдэг туршлага” шагнал хүртсэн. Төслийн талаар тусгайлан бэлтгэсэн баримтат киног үзэсгэлэнгийн Тэг павиллионд үзүүлнэ.
———————————————————————————————-

“Монгол малчид бэлчээр нутгаа ашиглахаас гадна хайрлан хамгаалах үүрэгтэй”.

МИЛАН ҮЗЭСГЭЛЭН 2015

2015 оны 2 дугаар сарын 3

“Ногоон Алт” төсөл нь цөлжих эрсдэлд ороод буй бэлчээр нутгийг хамгаалах боломжийг малчдад олгоход бидэнд их дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХААЯ) тус төслийн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар ийнхүү тайлбарлалаа.

“Милан 2015” үзэсгэлэнгийн үеэр зочид гол танхимд үзүүлэх “Ногоон Алт” төслийн тухай видеог үзсэнээр Монгол Улсын тухай болон ХХААЯ-наас хэрэгжүүлж буй энэхүү төслийн талаар мэдээлэлтэй болох нь. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар та бүгд энэ дашрамд дэлхий нийтэд юуг хэлэх хүсэлтэй байна вэ?

Монголын малчдад бэлчээр нутгаа тогтвортой ашиглах эрх, үүргийг нь таниулахдаа зөвхөн хэрэглэгч талаасаа харах бус, харин газар нутаг, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах учиртайг ухааруулж ирсэн. Үүнийгээ хэрэгжүүлэхдээ малчдын өөрсдийн санаачилгыг дэмжин бэлчээр нутгаа ашиглаж ирсэн уламжлалт зохион байгуулалт арга технологийг орчин үеийн арга хэрэгслээр баяжуулан бэлчээр нутгаа доройтох, цөлжих аюулаас хамгаалах боломжийг олгож байгаа юм.

Төсөл хэрэгжүүлэх явцад ямар хүндрэлүүдтэй тулгарсан бэ? Бэрхшээлийг хэрхэн даван туулав?

Малчид болон орон нутгийн төрийн удирдлагын хооронд хамтын ажиллагаа тааруун улмаас үл ойлголцсон олон асуудал байсан. Иймд “Ногоон Алт” төслөөс хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ярилцах, хамтын шийдлийг олох орчин нөхцлийг бүрдүүлэхэд илүү их цаг хугацаа зарцуулах шаардлага гарсан.

Тэмцээнд оролцсоноос хойшхи хугацаанд Танай төсөлд ямар ахиц, өөрчлөлтүүд гарсан бэ?

“Ногоон Алт” төсөл нь 40,000 орчим малчин өрхийг эгнээндээ нэгтгэсэн 1000 гаруй Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ)-үүдтэй ажиллаж байна. Мөн малчдын хоршоодтой хамтран мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлтийн стандарт боловсруулах, өөрөөр хэлбэл бэлчээрийг үйлдвэрлэлийн хэрэгсэл гэсэн утгаар нь байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар үйлдвэрлэсэн гэдгийг баталгаажуулах тал дээр ажиллаж байна. Энэ цаашдаа малчин хүн хүрээлэн буй байгаль орчныг хамгаалахад оруулж байгаа хувь нэмрийг үнэлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

Энэ төслөөс урт хугацаанд ямар үр дүн хүлээж байна вэ?

Байгалийн нөөцийн менежментийн асуудлыг эдийн засгийн хөшүүрэггүйгээр авч үзэх нь үр дүн багатай болох нь туршлагаас харагдаж байна. Иймд бэлчээрийн нөөцийг зүй зохистой ашиглах хөшүүргийг малчдын маркетингийн хоршоо байгуулах, малын гаралтай бүтээгдэхүүнийг өндөр үнээр зах зээлд борлуулах боломжийг хайх замаар бүрдүүлж болно гэж хэсгийн ахлагч нар үзэж байна. Төслийн зүгээс малчдын хоршоо байгуулах, эдийн засаг, зах зээлийн шинэ боломжуудаас үр ашиг хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Төслийн санааг бусад оронд, эсвэл өөр зорилгын хүрээнд хэрэгжүүлэх бодол бий юу?

Киргизстан, Тажикстан зэрэг Монгол Улстай нэг бүс нутагт орших, нийгэм, экологийн төлөв байдлаараа ижил төстэй орнуудаас “Ногоон Алт” төслийн туршлагыг судлах хүсэлт ирдэг. Ялангуяа, малчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хөгжүүлсэн туршлага, мөн байгаль орчноо хамгаалах үүргийг нь хэрхэн ойлгуулж, хэрэгжүүлсэн тухай их сонирхож асуудаг.

Англи хэл дээрх мэдээг дараах холбоосоор орж уншина уу. http://magazine.expo2015.org/cs/Exponet/en/innovation/grazing-lands-at-risk-for-desertification–the-solution-in-Mongolia