Бруцеллёз бол малаас хүнд халдварладаг хамгийн ноцтой өвчин юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төсөл нь Монгол Улсын Засгийн газарт бруцеллёзтой тэмцэх ажлын хүрээнд ийлдэс судлалын тандалт, хяналтын систем бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Энэхүү хяналтын системийн тусламжтайгаар бруцеллёзын вакцинжуулалтын ажлыг хянахаас гадна хүнд шинжилгээ хийх замаар вакцинжуулалтын ажлын үр дүнг урт хугацаанд үнэлэх боломж бүрдсэн юм. Сүүлийн гурван жилд бүх аймгуудын 50 гаруй хүн, мал эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдсан ба уг тандалтын протоколыг бүх бүсүүдэд туршин хэрэгжүүллээ.

Малын эрүүл мэнд төсөл нь Монгол улсын Засгийн газарт бруцеллёзтой тэмцэх ажлын хүрээнд ийлдэс судлалын тандалт, хяналтын систем бий болгоход дэмжлэг үзүүлсэн.

Малын эрүүл мэнд төсөл нь Монгол улсын Засгийн газарт бруцеллёзтой тэмцэх ажлын хүрээнд ийлдэс судлалын тандалт, хяналтын систем бий болгоход дэмжлэг үзүүлсэн.

‘Onsite Insights’ сонин энэ удаагийн дугаартаа бруцеллёз, түүний хүн, малд үзүүлэх хор хөнөөлийг тодруулахыг зорьлоо.

“Би бруцеллёзоос болж олон жил шаналж явна. Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж үздэг юм.”

Өдгөө 71 настай Ж.Цэрэнбат гуай бруцеллёз хэмээх архаг өвчний улмаас олон жил шаналж яваа буурай юм. Түүнээс энэ өвчний хор хөнөөл нь юу болохыг асуухад “За даа, тун ч хэцүү өвчин дөө. Толгой маш их өвддөг. Хөл, гар, ер нь бүх бие бүхэлдээ янгинж өвддөг. Нэг өдөр гар өвдөөд хэцүүдэж байхад маргааш нь хөл өвдөх гэх мэт,” гэж байнга л зовиуртай явдагаа ярьлаа.

Тэрээр анх 1976 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд малын зоотехникчээр ажиллаж байхдаа бруцеллёзтой гэдгээ олж мэдсэн. “Сургуульд сурч байхдаа би чинь ямар ч өвчингүй, эв эрүүл хүн байсан юм. Зоотехникч хийгээд л удаагүй байхдаа энэ өвчинтэй болсон юм. Тэр үед өвчтэй мал амьтантай харьцах үед өөрийгөө өвчний халдвараас сэргийлэх хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэж юм байсангүйн л гай болсон юм” гэв.

Тэрээр хожим, бруцеллёз буюу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан гэж оношлогдсон ажээ.

Энэ муухай өвчин чинь бүх дотор эрхтэнд нөлөөлдөг юм. Одоо ч эрүүл эрхтэн гэж байхгүй л болоод байна гэж Ж.Цэрэнбат гуай ярьсан юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны Зооноз бруцеллёзийн тасгийн эрхлэгч Д. Энхбаяр бруцеллёз малаас хүнд хэрхэн халдварладаг, ямар хор хөнөөл учруулдаг талаар тайлбарлалаа.

Д. Энхбаяр эмч өвчтөнд зөвлөгөө өгч байгаа нь

Д. Энхбаяр эмч өвчтөнд зөвлөгөө өгч байгаа нь

Манай орон мал аж ахуйн орон бөгөөд мал ихтэй. Зооноз өвчин гэдэг нь өвчтэй малаас хүнд дамждаг өвчнийг хэлдэг. Үүний дотор бруцеллёз өвчин ордог. Бруцеллёз бол бруселла хэмээх нянгаар халдварлагддаг. Тэгэхээр, мал амьтантай, тэдгээрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болоод арьс шир, өлөн гээд бусад бүтээгдэхүүнтэй шууд харьдаг хүмүүс бруцеллёзийн халдвар авах өндөр магадлалтай, эрсдэлтэй бүлэгт ордог юм. Тиймдээ ч, Монгол Улс бруцеллёзийн халдвартай хүний тоогоороо дэлхийд нэлээд дээгүүрт ордог.

Бруцеллез нь хүний мэдрэл, үе мөч болон дотор эрхтэнд нөлөөлдөг юм. Нэгэнт бруцеллёзийн халдвар авсан хүний дотор нян нь паразит маягаар өсөж үрждэг тул архаг хэлбэрээр илэрдэг. Хурц халдвараар илрэх нь цөөн. Аажмаар үений шингэнд өсч үржсээр өвчилсөн хүнийг үе мөчний өвчтэй болгох нь олонтой.

Хэд хэдэн шинж тэмдэг бий. Удаан хугацаанд халуурах, өвдөх, ядрах хөлрөх гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл эрсдэлт бүлгийнхэн даруй эмнэлэгт хандах шаардлагатай. Эрт илрүүлж чадвал эмчилгээ авах боломжтой. Харамсалтай нь хүмүүс хэт хожуу эмнэлэгт хандаж байна. Өвчин нь аль хэдийн архагшсан хойно бидэн дээр ирдэг. Нэгэнт архаг хууч өвчин болсон хойноо бүрэн эмчлэгдэх нь бас төвөгтэй. Хамгийн чухал нь хүн хамгийн энгийн эрүүл ахуйн зуршил болох гараа тогтмол угааж хэвшсэнээр л энэ өвчний халдвараас сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна.

Мал эмнэлэг үржлийн газрын Лаборатори, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Батхуягаас бруцеллёзтой тэмцэж буй Монгол улсын өнөөгийн бодлого, стратеги, арга хэмжээний талаар тодрууллаа.

Мал эмнэлэг үржлийн газрын Лаборатори, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг

Мал эмнэлэг үржлийн газрын Лаборатори, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг

Монгол Улс 2021 он хүртэл мөрдөх малын бруцеллёзтой тэмцэх шинэчилсэн стратеги боловсруулж байна. Энэ баримт бичгийн гол агуулга нь мал сүргийг, ялангуяа төл малыг вакцинжуулах замаар бруцеллёзтой тэмцэх, улмаар хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх явдал юм. 2011 оноос хойш “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд бруцеллёзтой тэмцэх зорилгоор бүх үхэр, хонь, ямаан сүргийг масс вакцинжуулалтад нэгээс доошгуй удаа хамруулаад байна. Цаашдаа Монголдоо үйлдвэрлэж байгаа бруцеллёзын вакцинаар жил бүр бүх төл малаа вакцинжуулах нь хамгийн үр дүнтэй юм.

Бид ШХА-ийн Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран сүүлийн 3 жилд бруцеллёзын вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын мониторингийг улсын хэмжээнд хэрэгжүүллээ. Ингэхдээ, бруцеллёзын вакцинжуулалтад зохих хяналт хийгдсэн ба хүн эмнэлгийн мэргэжилтнүүд хүний бруцеллёзийн тархалтын түвшнийг тодорхойлсон юм. Малын эрүүл мэнд төсөл нь бруцеллёзын вакцинжуулалтын үр дүнг үнэлэх тандалтын загвар боловсруулж өгсөнд талархаж байна.