Ярилцъя булан: С. Оюун: Бид байгалийн баялагтай байж болно. Гэхдээ хүмүүс нь оюуны баялагтай байж байж л бид хөгжинө.

УИХ-ын гишүүн, Зориг сангийн тэргүүн С. Оюун

УИХ-ын гишүүн, Зориг сангийн тэргүүн С. Оюун

УИХ-ын гишүүн С.Оюуныг монголчууд сайн мэднэ. Гадаад хэргийн сайд асан, дөнгөж саяхан Байгаль орчин, ногоон хөгжлийн (БОНХ) сайдын албаа хүлээлгэж өгөөд байгаа тэрбээр Швейцарийн хөгжлийн агентлагтай олон жил хамтран ажиллаж байна. 2005 онд хоёр орны найрсаг харилцааг парламентийн түвшинд өргөжүүлэх зорилго бүхий Монгол, Швейцарийн Парламентын бүлгэмийн даргаар С. Оюун ажиллаж байсан. Хожим тэрбээр МУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллахдаа хоёр орны харилцааг гадаад бодлогын хүрээнд өргөжүүлэн тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Харин БОНХ-ийн сайдын хувьд тэрээр ШХА-ын байгаль орчны чиглэлийн төсөл хөтөлбөрүүдтэй илүү нягт хамтран ажиллах болсон.

УИХ-ын гишүүн С. Оюун нь ардчиллын төлөө тэмцэж явсан С. Зориг агсны дүү бөгөөд ахынхаа тэмцэж явсан үйл хэргийг залгамжлан, түүний нэрэмжит санг байгуулсан юм. Зориг сан нь МУ-д ардчиллыг хөгжүүлэх, залуучуудын боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.

Зориг сангаас хэрэгжүүлдэг залуучуудын боловсролыг дэмжих оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг ШХА дэмжиж 2007 оноос хойш санхүүжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сурлагын амжилтаараа тэргүүлдэг ч санхүүгийн бэрхшээлийн улмаас сургалтын төлбөрөө төлөх чадваргүй нийт 800 гаруй оюутнуудыг сонгон шалгаруулж, тухайн жилийн сургалтын төлбөрийг нь олгосон. Төгссөн оюутнуудын 90-аас илүү хувь нь сургуулиа амжилттай дүүргэж ажилтай болсныг саяхны судалгаа харуулжээ.

Монгол дахь Швейцарийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд манай сонин энэ удаагийн дугаартаа бидэнтэй олон жил хамтран ажилласан УИХ-ын гишүүн С.Оюуныг урьж, Монгол дахь ШХА-ын үйл ажиллагаа, ялангуяа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар сэтгэгдлийг нь асуулаа.

ШХА Монгол улсад үйл ажиллагаагаа явуулснаас хойш даруй 10 жил болж байгааг та мэднэ. Монгол, Швейцарийн хамтын ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ? Та юуг онцлох вэ?

ШХА-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь маш нүдээ олсон хөтөлбөрүүд байдаг гэж би боддог. Яг газар дээр нь, орон нутагт хамгийн их тулгамдсан асуудлыг олж гаргаж ирдэг. Монгол Улсад хамгийн хэрэгцээ, шаардлагатай салбарт дэмжлэг үзүүлдэг гэж би хувьдаа үнэлж явдаг. Байгаль орчны салбарын хувьд цөлжилтийн асуудал нь Монгол Улсын хувьд байгаль орчны тулгамдсан асуудлын нэг мөн. Цөлжилтийн талаар олон чухал судалгаа хийж, цөлжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Цөлжилтийг сааруулах төслийн үр дүнд бидэнд маш хэрэгтэй мэдээллүүд гарч ирсэн.

Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг мэдэрч байна. Ялангуяа, Монгол оронд сөргөөр нөлөөлж байгааг бид харж байна. Цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн талхдалт зэрэг асуудлууд гарч ирж байна. Энэ тал дээр ШХА-аас үзүүлсэн дэмжлэг нь ихээхэн үр дүнтэй болсон бөгөөд удаан хугацаанд бидэнд ач холбогдолоо өгөх хөтөлбөр болсон юм.

Монгол улсад ногоон хөгжил, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг хөхүүлэн дэмжсэн эко сургуулиудыг ШХА-аас дэмжиж ажилласныг та мэднэ. Энэ талаарх таны сэтгэгдэл?

Анх БОНХ-ийн сайдаар ажиллаж эхлэхдээ би эко сургууль дээр очиж үзсэн. Багаас нь хүүхэд багачуудад байгаль орчин, экологийн боловсрол олгох нь Монгол Улсын ирээдүйн ногоон хөгжлийн үндэс суурь юм гэдгийг ойлгосон. Эко сургуулиудтай танилцсаны дараагаар бид 2013 оныг Экологийн боловсролын жил гэж зарлаж, залуучуудын байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх, ногоон орчныг бий бүтээн байгуулахыг уриалсан юм.

ШХА-аас манай яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрийн боловсруулаад, дунд сургуулиудын сурах бичгүүдэд экологийн боловсролыг шигтгэж багтаах сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсрууллаа. Хүүхэд багачууд маань сурах бичгээрээ дамжуулж экологийн боловсролыг эзэмшээд эхлэх юм бол бидний ногоон ирээдүй илүү бодитой, гэрэл гэгээтэй харагдаж байна гэж би үзэж байна.

Зориг сантай хамтран хэрэгжүүлж буй Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд та юу хэлэх вэ?

ШХА Зориг сантай хамтраад есөн жилийн турш нийт 800 гаруй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт ихэнхдээ амьдралын боломж муутай, төлбөрөө төлөх чадваргүй оюутнууд хамрагддаг. ШХА-ийн тэтгэлэгийн нэг онцлог нь тэтгэлэг олгосон оюутнууддаа нийгэмд тустай төсөл хэрэгжүүлэх боломж олгодог. Энэ нь тэдний нийгэмдээ хариу талархалаа илэрхийлж буй арга юм.

2014 онд нийт 50 оюутанд сургалтын тэтгэлэг олгов

2014 онд нийт 50 оюутанд сургалтын тэтгэлэг олгов

Монгол улсын хөгжлийн баталгаа бол эрдэм мэдлэгтэй, боловсролтой залуус юм. Бид байгалийн баялагтай байж болно. Гэхдээ хүмүүс нь оюуны баялагтай байж байж л бид хөгжих тул энэ хөтөлбөр бол маш чухал хөтөлбөр болсон.

Баярлалаа